Бразили охин Элисани Сильва одоо дөнгөж 14 настай ч 2.06 метр өндөр. Тэрээр дэлхийн хамгийн өндөр өсвөр насны охинд тооцогдоод байгаа аж. “Тhe daily mail” сонинд бичсэнээр, Сильва ховорхон тохиолддог өвчнөөр өвдсөн нь ийн өсөлтөд нь нөлөөлсөн гэж таамаглаж байгаа ч нарийн шалтгаан тодорхойгүй байгаа юм байна. Учир нь, түүний эцэг эхэд охиноо эмнэлгийн шинжилгээнд хамруулах хангалттай мөнгө байхгүй гэнэ. Орон нутгийнхаа телевизэд түүний ярьснаар, хэтэрхий өндөр болохоор сургуулийнхаа автобусанд сууж явахад хүндрэлтэй байдаг нь сургуулиасаа гарахад хүргэжээ. Сильва цааш нь ярихдаа, “Надад гэртээ байхад ч ялгаагүй хүнд байдаг. Манайх жижигхэн байшинтай болохоор тааз, тотгоо байнга мөргөнө. Үргэлж бөхийж явах болдог” гэсэн байна. Ээж нь охиныхоо өсөлтийг зогсоож, жирийн охидтой адилхан болгохыг маш их хүсдэг бөгөөд заримдаа охин нь дэндүү хачин, этгээд харагддагийг ч нуусангүй. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар, энэ эрчимтэй өсөлт цаашид ч эрчимтэй үргэлжилж, эрүүл мэндэд нь ноцтойгоор нөлөөлж магадгүй гэнэ. Сильва охин өөрийн өсөлтөө удахгүй зогсоно гэж найдаж байгаа бөгөөд загвар өмсөгч болохыг хүсдэг юм байна.
|