Тедди бамбарууш дэлхийд анх удаа худалдаанд гарсан өдөр. АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн нэрээр Тедди хэмээн нэрлэгддэг бамбаруушийг томчууд төдийгүй хүүхэд багачууд сайн мэднэ. Яагаав, нөгөө Мистер Биний найз бамбарууш. Өөрийнхөө хүсэл сонирхлоос хамааралгүйгээр Теодор Рузвельт өнөө үеийн дэлхийн хамгийн ашиг орлоготой тоглоомын үйлдвэрлэлийг үүсгэн байгуулагчдын нэг болжээ. XIX зууны сүүлчээр зөөлөн тоглоом нь гэр орондоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг салбар болоод байлаа. 1880 онд байгуулагдсан ийм нэгэн компани туршлагатай оёдолчин Маргарет Штайффт харьяалагддаг байв. Шинэ зуун гарсны дараа тэрбээр олон нийтэд шинэ хэлбэрийн тоглоом болох зөөлөн чихмэл бамбарууш санал болгожээ. Германы хүүхэд багачууд баавгайд хайртай боловч Мадам Штайффын баавгай, европчуудын зүрх сэтгэлийг татаж чадсангүй. Хэрвээ нэгэн тохиолдол болоогүй бол Мадам Штайфф чихмэл баавгайны үйлдвэрлэлээ бүр мөсөн зогсоож мэдэхээр байв. 1903 оны Лейпцигийн шинэ жилийн үзэсгэлэн дээр нэгэн америк эр Мадам Штайффийн тасагт иржээ. Түүнд чихмэл баавгайнууд ихэд таалагдсан бололтой шууд л 3000 ширхгийг захиалж хатагтайг алмайруулж орхисон гэдэг. Учир нь энэ эр 1902 онд Ерөнхийлөгч Рузвелтэд тохиолдсон явдлыг сайн мэддэг байжээ. АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч тэрбээр хилийн асуудал зохицуулахаар Миссипи мужид ирэхдээ нэг өдрийг ан авд зориулахаар шийджээ. Хэдэн цагийн турш олз хайсан тэрбээр нэг ч баавгай олж чадсангүй. Тэгэхэд дагалдан явсан хүмүүс нь Ерөнхийлөгчдөө туслахаар шийдэж жижигхэн бамбарууш хайж олоод алдчихгүйн тулд олсоор модноос уяж орхижээ. Гэвч Ерөнхийлөгч тэдний "тусламжийг" огт үнэлсэнгүй. Бусад нь түүнийг ийм цусанд дуртай гэж бодсонд ихэд бухимдсан Рузвельт "Бамбаруушийг өршөөгөөч. Би уяатай амьтан буудахгүй" хэмээн дуу алджээ. Энэ үг нь бүх түүхийн эхлэлийг тавьсан юм. Хэд хоногийн дараа "Вашингтон пост" сонин Ерөнхийлөгчийн ангийн тухай тэмдэглэл нийтлүүлэхдээ шог зураач Клиффорд Берриманы зургийг хавсаргав. Ингээд Нью-Йоркийн худалдан авагч Мадам Штайффт баавгай захиалж байх үед бамбарууш энэрэл, халамжийн билэг тэмдэг болж америкчуудад ихэд алдаршаад байлаа. Энэ үеэр Америкт Оросын цагаач Моррис Мичтон болон түүний гэргий Роза нар чихмэл бамбаруушийг Теодор Рузвельтийн нэрээ Тедди гэж нэрлэхээр шийджээ. Хэсэг хугацааны дараа Мичтон Цагаан ордноос Рузвельтийн богиносгосон нэрийг ашиглах албан ёсны зөвшөөрөл авчээ. Тэр үеийн Америкийн алдарт дуу болох "Чихмэл баавгайн баяр"-ыг Рузвельтийн дараагийн сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан аж. "Миний нэрийг ашиглах нь чихмэл бамбаруушны үйлдвэрлэлд амжилт авчирна гэдэгт би тийм ч итгэлтэй биш байна. Хэрвээ та үнэхээр хүсч байгаа бол түүнийгээ миний нэрээр нэрлэж болно" гэж 1903 онд Теодор Рузвельт хэлж байжээ.
|