CRYSTAL FLOWER

2011-09-20

ВЕНСЕРЕМОС /Шилмэл Өгvvлэгvvд /

 Гавана хотын дун цагаан барилгууд униарт хөх тэнгэрийг баганадан өрсөлдөх мэт бөгөөд үнэнхүү гандирсын үзэгдэл гэлтэй. Энэ гайхамшигт хотыг Карибыв тэнгисийн хөх номин ус хүрээлэн тэвэрч, хот тэнгис хоёр дотно сайхнаар ижилсэн хосолжээ. Тэнгисийн хөвөөг хашсан эртний хар боржин хашлагатай Их тойргоор энэ нэгэн өдөр хол ойрын жуулчин голцуу олон хүн зугаалан сэлгүүцэж, музейн үзмэрт тавимаар хуучин фордоос эхлээд зөвлөлтийн шив шинэхэн «Жигулинууд» сүлжилдэнэ. Элемена таван настай хүү Родригесоо хөтлөн боржин хашлагын дэргэдүүр бодолд дарагдан явна. Гаванаас хойш арваадхан бээрийн зайтай Европ Америкийн хоорондох далайн гол зам өнгөрөх бөгөөд хэдэн зуун мянган тоннын даацтай нефть тээвэрлэгчээс эхлээд сумны зэв шиг хурц өвчүүгээрээ тэнгисийн усыг цалгиулан цахилах суудлын хөлөг, цагаан дарвуулт завь онгоцнууд тасралтгүй сүлжилдэнэ. Тэдгээрийн зарим нь Гаваны хуучин цайз гэрэлт цамхаг бүхий боомт тийш чиглэхэд «Марселс минь эдний аль нэгэнд суугаад ирж яваа юм биш байгаа даа» гэж Элемена горьдон хүсэмжилнэ. Бяцхан Родригес эхийнхээ бодлыг таасан юм шиг 

-- Ээжээ аав хэзээ ирэх юм бэ? Би аавыгаа санаж байна гэхэд Элемена өөрийн эрхгүй гарч ирсэн нулимсаа нууж ядан буруу харж, 
-- Аав нь ирнээ. Энэ олон цагаан онгоцны чухам алинд нь сууж ирэхийг л чи бид хоёр мэдэхгүй байна гээд доороо шүүрс алдав. Карибын тэнгисийн толинт мандлаар хурган долгис уралдан боржин хашлаганд тулж ирээд эрхлэнгүй намуухнаар урхирна. Хашлага дээр сомборерро духдуулсан хөвгүүд бас өвгөцүүл загасны уурга 
барин сууцгаана. 
Элеменагийн мөрөн дээр асгарсан хилэн хар үсийг тэнгисийн зөөлөн салхи намируулан Рокуэл Кентийн таталбар зургийнх шиг гоолиг сайхан бие нь ч бас тэр зөөлөн салхинд найгах мэт үзэгдэх нь гуниг бодлын хүнд дарамтыг илтгэнэ. Цасан цагаан хөлгүүд гурвалжин зураа татуулан Гаванын боомт руу чиглэхэд хөтлөгчийн бяцхан хар завь угтан очиж харагдана. 
-- Марсело минь, хайрт минь амьд мэнд л яваасай даа. Эх дагина минь өршөө! гэж Элемена залбиран тэнгисийн манант алсыг ширтэн ширтэнэ. 
Марсело, Эрнандес, Мануэль, Гонсалес дөрвийг Вальпараисогийн ойролцоох тэнгисийн цэргийн хорих лагерьт авчирчээ. Дэлхий дахинд нэрд гарсан «Трес Аламос» т хэдхэн хонуулаад олон хоригдлын дундаас тэднийг ялгаж энд авчирсан нь муу ёрын хэрэг байлаа. Тэднийг цагдаагийн «Жип» машинд суулгаж гарыг нь тас хүлээд нүдийг нь боон авчирчээ. Сураггүй алга бологсдын тоонд оруулах болсныг тааварлахад бэрхгүй байлаа. Хоёр жилийн өмнө энэ Вальпараисод тэнгисийн цэргийн алба хааж байсан Гонсалес ямар нэг гойд совин мэдрэхүйгээрээ далайн ойролцоо ирснээ мэджээ. Дөрвүүлэнг бууны бөгсөөр гамгүй нанчиж байгаад ямар нэг өмхий хүйтэн тасалгаанд оруулав. Бие биенийхээ нүдний боолтыг шүдээрээ урж, хүлээсээ тайлцгаан үзвэл ганц сажин хүрэхгүй ам дөрвөлжин тасалгаа байх бөгөөд таазнаас нь нэг муу чийдэн ёлтойно. Буурал орсон өтгөн сахалтай, сэргэлэн хурц нүдтэй Гонсалес гяндангийн тасалгааны хануудыг чагнаж үзээд, 
-- Зүүн талд хүмүүс байна. Баруун талд далай! Далайн чимээ дуулдаж байна. Би арван бээрийн газраас ч андахгүй гэв. Шавилхан хөнгөн биетэй негр Эрнандес тасалгааны буланд өвдгөө тэврэн сууж 
-- Далай далай л гэнэ. Тэр далай чинь биднийг юугаараа аврах юм бэ гэж ундууцан өгүүлэв. Марсело тасалгааны дунд зогсон адар ширтэж 
-- Хатуухан эрүү тулгах газар ирж дээ найз нар минь гэхэд 
-- Библийнхээр усан галав юүлж Пиночетийнхон ч бид ч цөмөөрөө чөтгөр шулам руугаа тонилоосой гэж Гонсалес хорсолтойяа өгүүлэв. 
Геркулесийн дүрт лут эр Мануэль тасалгааны буланд бодлогошрон сууснаа зузаан уруулаа шилэмдээд 
-- Марсело минь бид санасандаа хүрч чадахгүй чонын аманд орлоо. Даан ч харамсалтай. Бидний баригдсанд хэн ч буруутайн тухай маргаж таамаглаад ч бид яах вэ дээ. Марсело минь чи л чөлөөтэй үлдэх байсан юм. 
Марсело дагзаараа хана түшиж урт сормуустай нүдээ аниад 
-- Та нартайгаа хамт явж байгаад дууссан минь дээр гэв. Сантьяго дахь суурь машины үйлдвэрийн ажилчдын дунд фашист хунтын эсрэг нууц бүлгэм байгуулж эхлэхдээ ямар ч аюул тулгарч болохыг мэдэж байсан бөгөөд харин тараагдсан үйлдвэрчний эвлэлийн төвийн удирдагчийн хувьд хунтын бүхий л хууль захирамжийг хүлээж зөвшөөрүүлж эмх замбараатай байлгахад тус дөхөм үзүүлэх хүн гэж итгэгдэхийг хичээн, учрыг үл мэдэх нөхдийн хараалыг ч идэж байсан билээ. Гэтэл тэр нэг гайтай өдөр Элемена хүү хоёртойгоо Сантьягогийн ажилчны районы нэгэн гудамжаар зугаацан явтал «Дин» хэмээх фашист цагдаагийн газрын тэрэг гэнэт тулан ирж, гурван булиа эр үсрэлдэн гарч ирээд Марселог дайран гар бууны бариулаар элэг рүү нь цохиж унагаад машиндаа хаяж давхин одсон билээ. Хэд хоногийн дараа «Трес Аламост» нөхөдийнхөө баривчлагдсаныг мэдсэн юм. 
-- Би та нартайгаа л хамт эцэслэнэ. Энэ хорвоогийнхоос өөр амьдрал байдаг юм бол бас л бие биесээ түшиж явах болно. Чили орон фашист хунтын хөлд үүрд гишгэгдэх тийм азгүй орон биш ээ. Бид үгүй боллоо гэхэд Чилийн ард түмэн мөнх амьдарна. Үр ач нар маань эрх чөлөөтэй. Чили оронд амьдарч Пиночетын фашистуудыи эсрэг тэмцэлд амиа алдсаныг минь дурсаж явах болно. Элемена минь! Родригес минь! гэж Марсело хоолой зангируулан өгүүлэв. 
-- Сайхан Чили орон минь ийм гасланд унах ямар хувь тавилан байв аа! Бидний буруу гэж үү! Нөхөд минь бидний буруу гэж үү? гэж гаслаад Эрнандес үрчлээт өргөн магнайгаараа өвдгөө түг түг хийтэл хэдэнтээ мөргөв. 
Маргааш өглөө нь шоронгийн хуягууд Эрнандесийг авч одлоо. Өчгийг нь хамгийн хялбархан авч болох хүн гэж бодсон бололтой. Хоёр цагийн дараа хуягууд бараг гол нь тасарсан Эрнандесийг авчирч хаялаа. Уруулыг нь цахилгаанаар язартал түлж цээжин биеийг нь ямар нэг хадаас шөвгөөр нэвт шувт шивжээ. 
-- Наадах муу хартайгаа адилхан амаа хамхиад байвал үхээрийн нүхэнд орно гэж мэдээрэй гэж хуягууд заналхийлэв. 
Мануэль Эрнандесийг хоёр гар дээрээ өргөн цааш нааш холхиж 
-- Ай араатнууд! Бузар араатнууд гэхээс өөр юм хэлж чадсангүй. Үзэшгүй зэрлэгээр эрүүдүүлэн тарчилсан Эрнандес түр зуурхан ухаан орж, 
-- Найз нар минь баяртай! Венсеремос! гэж дуулдах төдийхөн хэлээд эзэнгүй болсон гараа зангидан цээжин дээрээ тавьж амьсгаа хураалаа. Үлдсэн гурав Эрнандестай адилхан эрүүдүүлэн тамлагдана гэж боджээ. Гэтэл тэгсэнгүй. 
-- Та нарыг зүгээр л үхээрийн нүхэнд хийнэ. Диваажинд очно гэж мэдээрэй гэжээ. Үүнийг нүхэн дээр аваачиж буудна гэсэн үг гэхээс өөрөөр ойлгох аргагүй байлаа. Гэтэл бүх юм тэдний бодсоноос огт өөрөөр эргэв. Алуурчин харгисууд хүний санаанд багташгүй ямар нэг эрүү шүүлт тулгаж чадах нь мэдээж. Гэвч Кафкагийн «Эрүүдэх машин» гэдэг өгүүллэгт гардаг зүйл ч пиночетынхны бодож олсны дэргэд юу ч биш байлаа. Хоёр хоногийн дараа тэр гурвыг автомат, пулемётоор зэвсэглэсэн бүтэн салаа цэрэг бүслэн тууж өнөөх нүхэндээ аваачлаа.Хөлөг онгоцны ачааны хөндийн нээлхий шиг зузаан төмөр тагийг сөхөж, муухай эхүүн үнэр ханхалсан гүн хар зоорь руу урт шат тавиад нэг офицер 
-- Та нарыг хана түшүүлээд буудаж орхих байсан болов ч есөн тамын хамгийн хөнгөнд нь оруулахаар шийдлээ. Эргэж гарах зам байхгүй. Сүнс чинь ч гэсэн гарахгүй гэдгийг мэдэгтүн! Харин ухааныхаа хэрээр юм бодох хүрэлцээтэй цаг олдоно. Морилон орцгоо эрхмүүд минь гэж даажигнав. 
Тийнхүү гурван нөхөд арга буюу урт шатаар дамжин нүхний ёроолд орлоо. Дотор нь юу байгааг зориуд үзүүлэх гэж тагийг нэг хэсэг онгорхой байлгасанд эрэгнүүлэн харвал зоорины буланд олон хүний хүүр давхарлан тавьжээ. 
-- Эх дагина минь! гэж Гонсалес дуу алдав. Мануэль дээшлэн буй шат өөд үсрээд хальт шүүрэн алдаж, 
-- Ай муухай яргачид өөрсдөө тамын ёроолд унах цаг чинь ирнэ дээ! гэж хилэгнэн хашгирав. Марсело, Мануэлийн мөрөөр тэврэ н: 
-- Сураггүй алга болно гэдэг энэ байж. Гэхдээ ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцсэн бидний сэтгэл хэзээ ч сураггүй алга болохгүй. Дахиад ямар ч тамд хийж ямар ч эрүү шүүлт тулгасан ч Эрнандестэйгээ адилхан тарчлан зовсон бусад олон нөхөдтэйгээ адилхан шүд зууж байгаад эрэлхгээр эцэслэнэ гэхэд Гонсалес 
-- Венсеремос! гэж нударга зангидан тангараглав. Ийнхүү гурван найз зоорины буланд түшилцэн сууж хунтын генералуудын фашист эргэлт ямар замаар биелж ардын нэгдлийн засгийн газар унасан, ерөнхийлөгч Саль-вадор Альенде хэрхэн алагдахад хүрсэн, тэр үед ажилчид, ардын нэгдлийн талынхан яах ёстой байсан болоод гадаадад дүрвэн гарсан олон мянган чиличүүд фашистуудын гараас мултарсан Корвалан, Альтемерано зэргийн удирдагчид эх орноо аврахын төлөө юу хийж болох тухай, өөрсдийнхөө алдаа, эхнэр хүүхдийнхээ хувь заяаны тухай олныг хүүрнэлдэн цаг нөгцөөж байлаа. Тийнхүү лав бүтэн хоног өнгөрлөө. Тэдэнд ганц балга ус ч өгсөнгүй, Ялзарсан хүүрийн үнэр танар гэж тэсэж байхын аргагүй. Харин харуулын цагдаа тагны нүхээр шагайж, 
-- Хэн түрүүлж мажийснийгаа цаадах хүүрүүд дээр давхарлаж тавина шүү гэж илт доромжлон хэлэв. Бүтэн хоног өнгөрлөө. Ийнхүү хүүрийн нүхэнд хоригдон амьдаараа хатаж үхэн сураггүй болно гэдэг хүний санаанд үнэхээр багташгүй хэрэг байлаа. Энэ гурван сайхан эр хоёрхон жилийн өмнө Сантьяго хотын уриа дуу цууриатсан талбайд улаан туг намируулан жагсаж, зөвхөн Чили биш дэлхийн нүдэнд дулаахан харагдах болсон ерөнхийлөгч Сальвадор Альендед баяр хүргэн эрх чөлөөний наран үүрд гийсэн мэт санаж явсан билээ... 
Гонсалес зүүрмэглэх мэт нүдээ анин сууж байснаа гэнэт үсрэн босож зоорины таг дор очиж зогсоод 
-- Мануэль нааш ир! гэхэд, тэр гайхасхийн хажууд нь очиж зогсов. 
-- Та минь би тайхамшигтай юм бодож оллоо. Мануэль чи хоёр метр өндөр. Ойлгож байна уу? Бид гурвуулаа нийлээд хэдэн метр болохыг бодооч тэр таганд хүрэхгүй гэж үү? Марсело минь нааш ир! Ямар ч байсан энэ үхээрийн нүхнээс гараад үхэх сэхэхээ үзэцгээе! 
Тийнхүү мань гурав циркийн акробатчин шиг мөр мөрөн дээрээ гишгэцгээн нүхний таг өөд цоройход хамгийн дээр зогссон Марселогийн хурууны үзүүр таганд дөнгөж хүрч байв. 
Мануэль байдаг хүчээ шавхан өлмий дээрээ өндийж 
-- Марсело минь түлхээд үз. Хэнийг эндээс гарна гэж цоожлох вэ гэхэд Марсело шүд зуун, арван хурууныхаа үзүүрээр тагийг тулж байгаад огцом түлхэхэд үл мэдэгхэн завсар гарлаа. Цоожгүй нь лав ажээ. Энэ үхээрийн нүхэнд хаягдсан хүмүүс буцаж гарна гэж алуурчид зүүдлээ ч үгүй нь мэдээж. Ингээд гурван нөхөд нүхнээс гарч оргон одох үлгэр шиг төлөвлөгөө зохиолоо. 
Эдний нэг нь шөнө тагийг түлхэн гарч, ажиг сэжиггүй сэлгүүцэн явах харуулыг ямар ч байсан хөнөөх ёстой. Тэгээд харуулын буу, жадыг авна. Лагерийн дөрвөн талын индрийн манаанууд нүхнээс хоригдлууд гарна гэж яавч салахгүй. Тиймээс өргөст торыг тас цавчин гарч одно. Гонсалесийн таамагласнаар ойрхон буй далайд загасчны завь ч байг, юу ч байг хамаагүй ямар нэг хөвдөг хэрэгсэл олоод зугтаж одно. Далайн хөвөөний аль нэг эзгүй газар хүрч амь аврагдахгүй юмаа гэхэд энэ хүүрний нүхэнд хатаж үхсэнээс номхон далайн бүлээн усанд живж үхсэн нь хамаагүй дээр. 
Хоёр дахь шөнө боллоо. Тагийг сөхөн гарч харуулыг устгах үүргийг Марсело авлаа. Удирдагчийн хувьд ч гэж тэгсэнгүй. Хоёр нөхөр нь түүнд амь насаа даатган юу гэхийг хүлээж байгаа нь илт. Тэдэнд ирт мэс байтугай гартаа атгах чулуу ч байсангүй. Шөнө дунд Марсело 
-- Хөдлөе найз нар минь. Бурхан биднийг өршөөтүгэй гэв. Мануэль мөнеөхөн хүүрнүүдийн нэгийг чирэн авчирч хөл доороо ивлээ. Марсело нүхний хүнд төмөр тагийг түлхэж завсар гаргаад нэгэн хэсэг чагнаснаа шурган гарч одлоо. Гонсалес Мануэль хоёр юу болохыг зүрх түгшин хүлээв. Хагас цаг өнгөрсний дараа нүхний таг нээгдэн өнөөх урт шат бууж ирлээ. Тэр хоёрын гарч ирэхэд бүрхэг шөнө, тэнгэрт ганц хоёр од анивалзах ажээ.
-- Ай Мария! гэж Мануэль шивнэн залбирав. Хорих лагерийн булангуудын индэр, гяндангуудын дээвэрт тавьсан гэрэлтүүлэгчид бүх талбайг өдөр шиг гийгүүлжээ. Харин хүүрийн нүхний амсрын ойролцоо шонд ганцхан чийдэн ёлтойно. Марсело нүхний амсрын овгор шорооны араас дуудаж 
-- Найз нар минь бид Эрнандесийнхаа өшөөг авлаа. Автомат жад хоёр ч зэвсэг шүү гэв. Хоёр гэрэлтүүлэгчийн зурвас туяа нүхнээс арваад алхмын зайтай зөрсөн газраас цааш өргөст торон хашаа хүртэл гурвалжин сүүдэр байх ажээ. Марсело, 
-- Нэг нэгээрээ мөлхөн тэр сүүдэрт орцгооё. Мануэль чи түрүүл! гэв. Тийнхүү гурвуул харанхуйд мөлхөн ороход харуулууд ер сэжиг авсангүй бололтой. 
Гонсалес Далай! далайн үнэр гэж бахдан шивнэв. Мануэль хутган жадаар хоёр давхар өргөст торыг тас цавчин зам гаргалаа. Үүнээс ямар нэг дохио сэжиг авна гэж бодох зав ч тэдэнд байсангүй. Гэтэл тэдний аз дутлаа. Эх дагина тэднийг даанч харсангүй. Торон хашаанаас арваадхан алхам холдов уу үгүй юу түгшүүрийн дохио ульж эхлэв. 
Марсело автоматаа Гонсалест өгч, 
-- Усан цэрэг минь яаж буудахаа өөрөө мэд. Гэрэлд л баригдахгүй юмсан гээд урагш бөхийн гүйлээ. Гэвч төдхөн гэрэлтүүлэгчийн хурц цагаан туяа шөнийн харанхуйг хага зүсэн оргогсдын араас тэмтэрч эхлэв. 
-- Далай! Далай ойрхон байна! гэж Гонсалес баярлавч аварга биет Мануэль гэрэлтүүлэгчийн туяанд хэдий нь баригдаад урт сүүдэр тусган бултаж зайлалгүй хол хол харайн, 
-- Хэний бэлдсэн завь хүлээж байх юм. Далайн хөвөөнөөс өөр зүгт зугтая гэв. 
-- Далайн хөвөөнд толгой далдлах юм юу ч байхгүй. Хар гахай шиг л бай болно гэж Гонсалс гэрэлтүүлэгчийн туяанаас бултан гүйнэ. 
Далай тун ойрхон нь салхиар мэдэгдэж байлаа. Ойртож ирсэн түрүүчийн «Жип»-ийн гэрлийг Гонсалес хага буудлаа. Гэвч хүнд пулемётын гэрэлт сум тэдний толгой дээгүүр улаан ширээдэс татаж харанхуйг сүлбэв. Баатарлаг сайхан эр Мануэль эхлээд алагдлаа. Тэр гүйдэл дундаа газар харуулдаж унаад дуу ч гарсангүй. Марсело нөхрийнхөө толгойг тэврээд, 
-- Өнгөрчээ гэв. Цагдаа нар Гонсалес, Марсело хоёрыг бүслэн тойрч, 
-- Амьдаар нь барь! Муу нохойнуудыг амьдаар нь! хэмээн хашгиралдана. Гонсалес тэдний өөдөөс цөөн сумаар буудаад, 
-- Амьдаар гэнэ шүү. Далайд л хүргэе! Марело минь би чинь аварга загас шүү дээ! Чамайгаа аваад арилж өгнө гэв. Тэр хоёр өөгүй шахам чулуулаг дэнжээр бултан гүйлдэж, цагдаа нар гэрэлт сумаар тасралтгүй буудан улам улам ойртож байв. Далайд гэнэтхэн тулж ирлээ. Тэртээ дор эгц цавчим халилын ёроолд далайн долгис цухалдан хүрхэрнэ. Гонсалес, 
-- Марсело найз минь баяртай! гэж хачин тайван өгүүлээд цагдаа нар руу галлаж эхэллээ. Гэтэл дараагийн агшинд мөнөөхөн гэрэлт сумнуудын улаан ширээдэс Гонсалесийн цээжинд шигдлээ. Марсело нөхрийнхөө автоматыг шүүрэн аваад гохыг дарсан боловч сум нь дуусчээ. Энэхэн агшинд түүний хувь заяа ямар ч эргэлзэл бодлогогүй тов тодорхой боллоо. Буугаа хөсөр шидээд халилын ирмэг дээр очив. Эцэс төгсгөлгүй нэгэн аясаар хүрхрэн буй далайн бүлээн ус түүнийг тэврэн авахад бэлхэн байх шиг, 
-- Элемена минь! Родригес минь! Чили минь баяртай! гэж Марсело цуурай хадтал дуудаад, хоёр гараа элгэндээ эвхэж, гүн халил дээрээс нисэн одлоо. 

Элемина хүүтэйгээ тэнгисийн хөвөөний хар боржин хашлагыг даган явна. Хүүгээ харах болгондоо эцэгтэйгээ адилханыг нь гайхан "хүү минь эцэггүй өнчрөх юм биш байгаа даа" гэж зүрх шимширнэ. Тэгээд ч Карибын тэнгисийн хөх номин мандлаар тасралтгүй цувран, Гаванын усан боомт руу ирж яваа хөлөг онгоцуудыг горьдон харна. Далайн хөвөөний өргөн чөлөөгөөр цэцэрлэгийн хөөрхөн хүүхдүүд жагсан явж,

Хамаг сэтгэл зүрхэнд хадаастай 
Хатан зоригт нөхдөө дурсацгаая 
Үхэвч хойшоо ухрахгүй 
Үүрд, хэзээ ч ердөө ухрахгүй ээ! 
Венсеремос, Венсеремос!

гэж хангинатал дуулцгаан явна. 
Элемена нулимс бүрхсэн тунгалаг хар нүдээрээ тэнгисийн манант алсыг хүслэнтэйеэ ширтэн явж байлаа.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 423 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 111304 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 23 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн